Эрдэнэт үйлдвэрийн хуульч П. Эрдэнэбилэгийн "Тэр тэнгэр байсан"  эссэ тэргүүн байр эзэллээ.

 

             

Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол захирал эрхэм хүмүүн Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ эссэ бичлэгийн уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн хуульч П.Эрдэнэбилэгийн  "ТЭР ТЭНГЭР БАЙСАН" эссэ тэргүүн байр эзэллээ. Бүрэн эхээр нь хүлээн авч унших боломжийг олгож байгаадаа таатай байна.

 

 

 

ТЭР ТЭНГЭР БАЙСАН

 

Өмнөтгөл

Хамаг бүгдээр чамайг

Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!

Хамгийн сайн хүн гэж

Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

гэж халхын их яруу найрагч О.Дашбалбарын нэгэнтээ бичсэнчлэн нэгэн биендээ хамгийн их алдар гавъяаг хүртэж ч үзсэн, хараал доромжлолыг ч амсаж өнгөрөөсөн их үйлсийн эзэн, амьдралд учрах аливаа тохиолд тогтуун сэтгэлээр төвшин хандаж, энгүй уужим тэнгэр мэт оршиж чадсан эгэл атлаа эгэлгүй эрхэм хүмүүний амьдрал, ажил үйлсийн талаар ийнхүү сийрүүлж, ирээдүй хойч, дүү нартаа танилцуулж байна.

Түүний амьдралаас суралцах зүйл арвин, тунгаах зүйл олон. Энэ хорвоод хэн ч хоёр амьдрахгүй агаад ирээд буцахын хоорондох хугацааны их бага нь чухал бус гагцхүү ирсэн зорилгоо биелүүлж чадсан эсэхэд амьдралын утга учир нуугддаг авай.

Нэг. ТЭНГЭР-ийн томилогоотой хүү

Монгол улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг нь хуучнаар Хантайшир аймгийн Сэцэн Сарт уулын хошуу, 1931 оноос Завхан аймгийн Дөрвөлжин сум гэж нэрийдсэн газарт сум, орон нутагтаа удирдах ажил хийж явсан Гэцэгжавын Шагдарынх гэх өнөр өтгөн айлын отгон хүү болж, 1952 оны Усан луу жилийн өвлийн адаг сар буюу аргын тооллоор 2 дугаар сарын анхны өдөр энэ хорвоод ирсэн түүхтэй.

Лусын хийгээд тэнгэрийн бэлгэдэл хүчирхэг агаад нууцлаг оршихуй “луу” хэмээх тавдугаар жилд онож мэндэлсэн энэ отгон хүү билэг оюун төгөлдөр, алсын хараатай, холын бодолтой, асар их хүсэл тэмүүлэлтэй ТЭНГЭР-ийн томилгоотой хүү байв.

Хүний хувь заяанд төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг төдийгүй эцэг, эхээс хайрласан дуудах нэр нь нөлөөлдөг юм гэдэг. Энэ эрхэм хүмүүний амьдралд эдгээр бүхэн ихээр нөлөөлсөн болохыг хожмын өдөр түүний амьдралыг судлан, энэ бүхнийг сийрүүлэн суугаа миний бие логик учир зүйн үүднээс эргэцүүлэн суунам.

Отгон хүү эцгийн голомтыг залгадаг өвгөдийн уламжлал ёсоор гал голомтоо залгамжилсан Отгонбилэг хүү Бүгд найрамдах Монгол ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 234 дүгээр зарлигаар тогтоон бий болгосон “Монгол улсын Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэн болж, гэр бүлийнхээ төдийгүй Монгол Улсын бахархал болж чадсан билээ.

Хүүхэд ахуй цагаасаа сэргэлэн цовоо, идэвхи зүтгэл сайтай хүү 1970 онд арван жилийн сургуулиа амжилттай дүүргэж, уул уурхайн салбарыг сонгон судалж, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр хойд хөршийг зорьсон бөгөөд Эрхүү хотын Техникийн их сургууль гэх эрдмийн их айлын босгыг алхан орж, уул уурхайн инженер-маркшейдер болохоор сэтгэл шулуудан суралцаж эхэлсэн байна.

Тэрээр тухайн үед энэ л мэргэжлийг сонгон суралцаж, уул уурхайн салбарт энэ хүртэл жим гаргаж чадсанаараа магад өнөөдөр миний бие энд түүний талаар бичин суух ерөөлтэй байжээ.

Мэргэжилдээ шимтэн дурлаж, онол, практикт суралцан 1976 онд их сургуулиа дүүргэснээр Монгол улс уул уурхайн салбарт гялалзах нэгэн сод мэргэжилтнээ өлгийдөн авсан билээ.

Эх орондоо Уул уурхайн яамны мэргэжилтнээр томилогдон ирж, ажлын гараагаа эхэлсэн тэрбээр хэлтсийн даргаар дэвшин ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлэн Москвагийн Уул уурхайн Их сургуульд “Эрдэнэтийн орд газрын хүдрийн чанар, агуулгыг дундчилах нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, тус сургуулийн эрдмийн зөвлөлөөс өндөр үнэлгээ авч байжээ. 

Олон аавын хүү Орос оронд боловсрол эзэмшин, эх орондоо их бүтээн байгуулалт өрнүүлж байсны дотроос ийнхүү тасралтгүй суралцагч байж чадсанаараа Ш.Отгонбилэг нь хийсэн ажилдаа эзэн болохоо батлан харуулж, улмаар Орос-Монголын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Монгол захирлаар томилогдон ажиллах түүхэн боломж 1989 онд түүнд тохиосон нь хэн бүхэнд таарах хувь зохиол биш бөгөөд тэр үүнийг л хийх гэж магад энэ орчлонд, Монгол эх нутагт ТЭНГЭР-ийн томилгоогоор ирсэн буй за.

Хоёр. ТЭНГЭР-ийн суутай удирдагч

Ш.Отгонбилэг захирал улс орны эдийн засаг хямарсан, бүхий л үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ганхаж, зах зээлийн шуурганд өртсөн, засаг төр тогтворгүй түүхэн цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийн анхны МОНГОЛ захирлаар ажиллах хүндтэй бөгөөд хүндхэн албыг нэр төртэй хашиж, ухаалгаар удирдан зохион байгуулж, олон улсын түвшинд алсыг харж ажиллаж чадсаны үр дүнд дэлхийд данстай “Эрдэнэт” үйлдвэрийг хойч үедээ үлдээж чадсан билээ.

Эгэл жирийн амьдралаас эгэлгүй хувь заяаны эзэн нь болж, “саалийн үнээ” гэж нэрлэгдэн эх орныхоо эдийн засгийн дийлэнх хэсгийг өнөөдрийг хүртэл бүрдүүлж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн суутай удирдагч байж чадсан нь түүнд заяасан “ТЭНГЭР”-ийн өгөгдөл болох уйгагүй хөдөлмөр, ухаалаг зан чанар, удирдан зохион байгуулах авъяасынх нь үр дүн байсан юм. 

Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг чадварлаг боловсон хүчнээр хангах, уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хэмшээлшгүй хувь нэмэр оруулсан бөгөөд ажилтнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах гээд олон талт ажлуудыг үе шаттайгаар цогцоор нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарч  ажилласан.

1991 оны 6 дугаар сараас спортын ордон, эмнэлэг сувилал, амралтын бааз, сургалтын төвийг нэгтгэж, “Эрүүл мэнд-соёлын төв”-ийг бий болгож байсан ба 1996 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институттэй хамтран үйлдвэрийн боловсон хүчнийг шинээр болон давтан бэлтгэх тухай “Боловсон хүчин хөтөлбөр”-ийг боловсруулж, улмаар Монгол улсын Техникийн их сургуулийн Ректортай хамтарсан 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 455 тоот тушаалаар, Сургалт курсын комбинатыг “Шаталсан сургалттай техникийн сургууль” болгон өөрчлөн зохион байгуулж байжээ.

Түүний хөдөлмөр зүтгэл, улс нийгэмдээ оруулсан бодит хувь нэмрийг үнэлж,  1996  онд буюу 44 насанд нь “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнасан нь олны хэлдгээр “нүдээ олсон” шагнал байсан.

Тэрбээр 1998 онд дээд боловсролтой уул уурхайн үндэсний инженерүүдийг бэлтгэн гаргах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Шаталсан сургалттай техникийн сургууль”-ийг Технологийн сургууль болгон өргөжүүлж, сургалтын технологи, арга зүйн асуудлыг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд, удирдлага, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, өмч хөрөнгө, санхүү, эдийн засгийн асуудлыг Эрдэнэт үйлдвэрт тус тус харъяалагдах байдлаар зохион байгуулж, Монгол улсын Гэгээрлийн Сайдын 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 274 тоот тушаалаар Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг бий болгосон нь олон мянган залуусын ирээдүйд асар үнэтэй хөрөнгө оруулсан томоохон үйл явдал болсон юм.

Үүнээс гадна Монголын үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж, спортын олон төрөлд гаргах амжилтын буухиаг ахиулахаар тамирчдаа дэмжин, спорт хэмээх тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаа, эр зориг шаардсан их үйлсийн төлөө хүчин зүтгэсэн болон 2000 онд иргэд, олон түмний итгэл найдварыг хүлээж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан он жилүүд түүний амьдралын баялаг түүхийн нэгээхэн хэсэг билээ.

Ийнхүү нэгэн биед ахдам олон ажлыг зэрэг амжуулж, Монгол эх орныхоо уул уурхай, эдийн засаг, улс төр, бизнес, боловсрол, спорт гээд бүхий л салбарт шинэ цагийн хөгжлийн харгуй жим гарган түүчээлж, өнөө хэр өөрөө үгүй ч үйл хэрэг нь амьдарсаар буй ТЭНГЭР-ийн суутай удирдагчийг бид мартах учиргүй.

ГУРАВ. ТЭНГЭР “ААВ”

Эрдэнэтээр овоглосон “Шо” захирал Монгол улсын хөдөлмөрийн баатар байсан бол гэр бүлийнхээ ТЭНГЭР ААВ байсан нь дамжиггүй.

Нэрт сурган хүмүүжүүлэгч Ч.Дариймаагийн охин Д.Туяа гэх эгэл даруу бүсгүйг амьдралын ханиараа сонгосон Ш.Отгонбилэгийнх хүү, охин хоёртой байв. 

Асар өргөн цар хүрээтэй сэтгэдэг, том амбицтай, чин сэтгэлтэй “Шо” захирал том хүү О.Содбилэгээ бизнесийн уулзалт хийхдээ дагуулан явж, “Энэ хүн юу ярьж, яаж сэтгэж байгааг нь анхааралтай ажигла” хэмээн сургамжилдаг байсан гэдэг. 

Урт удаан үргэлжилж чадаагүй ч аавтайгаа өнгөрүүлсэн дурсамж бүхэн үр хүүхдүүдийнх нь амьдралын зам мөрийг ямагт гэрэлтүүлдэг биз ээ. 

      Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их Хурлын гишүүн Шагдарын Отгонбилэг нь 2001 оны 1 сарын 14-нд буюу хуучин тооллоор төмөр “ЛУУ” жил шувтрах дөхсөн Монгол оронд гамшигт зуд нүүрлэсэн өвлийн тэр нэгэн өдөр хөдөөгийн малчин ардад тусламж дэмжлэг үзүүлэх үйлсэд биечлэн хүчин зүтгэж яваад, Увс аймгийн Малчин сумнаа тэнгэрийн ослоор ТЭНГЭР-тээ буцсан билээ.

      Түүний уул уурхайн салбарт оруулсан гарамгай гавъяаг нь үнэлж, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 06 сарын 20-ний өдрийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг түүний нэрэмжит сургууль болгож,  тус сургуулийн өмнө гэрэлт хөшөөг нь босгосон юм.

         Мөн олон түмнээ “Шо” захирал хэмээн хүндлэгдэж явсан түүний гэгээн дурсгалд зориулж, 2019 онд түүний хэрэглэж байсан үзэгний дүрсийг куб буюу шоо дүрсийн хамт урлан бүтээж, тэрхүү “Үзгэн” хөшөө”-г Эрдэнэт хотын Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамжны эхэнд байрлуулсан билээ.

      

Дүгнэлт

Тэнгэрийн томилгоогоор тэнгэрийг эзэгнэгч “ЛУУ” жилд мэндлээд, долоон долоо дөчин есөн жилийг дамнан их үйлсийг бүтээгээд “ЛУУ” жилд тэнгэрийн ослоор тэнгэртээ буцсан ТЭР ТЭНГЭР БАЙСАН.

“Амьд мөртлөө үхсэн мэт амьдардаг хүн байхад

Үхсэн мөртлөө амьд мэт орших хүмүүс байдаг”

 

 

                                               

 

 

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын

Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэг

                

 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл

Comment Images
Цэнгэлмаа

Мундаг шүү найз минь.

2023-02-01 16:32 | 112.72.2.198
Comment Images
Болормаа

Товч, тодорхой бөгөөд энэ тэнгэрлэг хүний намтар түүхийг ямар сайхан бичээ вэ. Чамдаа амьдралын уртаас урт замд нь амжилт бүхний дээдийг хүсье. Нэгэн үе төрийн албанд хамтран зүтгэж явсан эгчээс

2023-02-01 23:10 | 202.126.89.193

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2023-2024 онд ШХАБ-ыг даргалж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
  • 2 хоногийн өмнө
Хангал сумын 100 жилийн ойн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна
  • 3 хоногийн өмнө
06 сарын 25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүй байна
  • 1 долоо хоногийн өмнө
УУХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ЖАН ЖУН СУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
  • 3 долоо хоногийн өмнө
“Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэн хэвлэж авна
  • 1 сарын өмнө
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна
  • 1 сарын өмнө
2024.06.01-нд Эрдэнэт хотод 00:20 минутад 4100г охин мэндэлжээ.
  • 1 сарын өмнө
Жилийн өмнө гэрээсээ дугуйгаар гарч, 14 мянга гаруй км туулсны эцэст мөрөөдлөө биелүүлж, Англид очин хайртай багийнхантайгаа уулзжээ
  • 1 сарын өмнө
"ЭНТРЕПРЕНЕР СУДЛААЧ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.
  • 1 сарын өмнө
Эрдэнэтийн арван сурагч шагналт байранд шалгарлаа
  • 2 сарын өмнө