Хүүхэд нь нэг нас хүрээгүй нас барсан, мөн бага хүүхэд нь нэг нас хүрээгүй бол эхийг нь урамшуулалд хамруулдаггүй хуулийг өөрчлөх хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон бусад гишүүдийн санаачилсан Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ирэх мягмар гарагт хийнэ.
Одоо мөрдөж байгаа Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь 1 ба түүнээс дээш настай байсан байх” зэрэг нөхцөл тавигддаг. Энэ нь хүний эрхийн зөрчил үүсгэж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн тул засах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.
Монгол Улсад жил бүр дунджаар 75,000–80,000 хүүхэд шинээр мэндэлдэг. Нийт төрөлтийн 3-4 орчим хувьд хүүхэд 1 нас хүрэхээс өмнө нас барж, мөн тооны ээжүүд эхийн алдар одон болон одонгийн урамшуулалд хамрагдаж чаддаггүй байна. Энэ нь ойролцоогоор жилд 2,500-3,000 эх хуулийн хязгаарлалтын улмаас тэгш эрх эдлэх боломжоо алдаж байгаа үзүүлэлт аж. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь урамшуулал авч чадаагүй 27,000 гаруй эхийн хувьд дахин судлагдаж, урамшуулалд хамрагдах боломжтой юм байна.
Сэтгэгдэл үлдээх



Сэтгэгдэл