УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж, санал хураалт явууллаа.
Хэлэлцүүлгийн явцад Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй байсан НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, дэмжлээ.
Санал хураалтад нийт 91 гишүүн оролцсоноос: 71 гишүүн дэмжиж, 19 гишүүн татгалзсанаар нийт оролцсон гишүүдийн 79.1 хувийн саналаар уг зохицуулалт батлагдлаа.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу эцсийн хэлэлцүүлэг нь гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэхгүйгээр зөвхөн санал хураалтаар шийдвэрлэгддэг тул санал хураалтаас өмнө энэхүү зохицуулалтын ач холбогдлыг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж ажилласан.
Бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах, бизнес эрхлэх орчныг сайжруулах энэхүү шийдвэрийг дэмжсэн УИХ-ын нийт гишүүддээ болон асуудлын ач холбогдлыг олон нийтэд бодитой хүргэж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлье.
Энэхүү өөрчлөлт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, өсөж хөгжих боломжийг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвх, ажлын байр, өрхийн орлогыг дэмжих чухал алхам болно гэж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа мэдээллээ.
Татварын бодлого бол зөвхөн орлого төвлөрүүлэх хэрэгсэл биш, харин эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах, иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх төрийн бодлогын чухал хэсэг юм.
Сэтгэгдэл үлдээх



Сэтгэгдэл