БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсон тухай мэдээлэл өдөр бүр нэмэгдэж байна. Уг үйл явдалд гашуудаж дэлхийн олон орноос аврах баг, хандив тусламж хүргэгдэж байгаа бөгөөд уг тусламжийн аянд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид нэгдэж НЭГ өдрийн цалингаа хандивласан юм. Хандивыг өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Элчин сайд Зафер Атешид гардуулж өглөө.
БНТУ-ын Элчин сайд Зафер Атеши хэлсэн үгэндээ “Гадаад томилолтоос дөнгөж ирэнгүүтээ бидний эмгэнэлийг хуваалцахаар ирсэн эрхэм Сайд танд маш их баярлалаа. Мөн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг нийт албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг Монгол Улсын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн хот руу баг илгээж 8 хүний амь авраад эх орондоо саяхан ирлээ. Мөн иргэдийн хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд Та бүхний тусыг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй” гэж хэлэв.
Сэтгэгдэл