Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр:
"Орхон аймгийн түүхт 50 жилийн ой тохиож буй энэ цаг үед Эрдэнэт хотын үүсэл хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг онцлон дурсах нь зүй ёсны хэрэг юм. Эрдэнэт бол Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдал, хамтын хөдөлмөрийн бэлгэ тэмдэг болсон найрамдлын хот билээ.
Анх Эрдэнэт хотыг байгуулах их бүтээн байгуулалтад хуучин ЗХУ-ын 147 хот, тосгоноос ирсэн мэргэжилтнүүд, мөн Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан 43 ястан, үндэстний төлөөлөл болсон залуучууд, уурхайчид, барилгачид оролцож байв. Нийтдээ 50 мянга гаруй хүний хүч хөдөлмөр, хүсэл тэмүүллээр Эрдэнэт хотын суурь тавигдсан түүхтэй.
Тэд ердөө тавхан жилийн хугацаанд уулын баяжуулах үйлдвэрээс гадна орон сууц, сургууль, цэцэрлэг, дулааны систем зэрэг хотын дэд бүтцийг цогцоор нь байгуулж, өнөөгийн Эрдэнэт хотын хөгжлийн үндэс суурийг бүрдүүлсэн юм. Энэ утгаараа Эрдэнэт бол зөвхөн үйлдвэрийн хот бус, эв нэгдэл, хөдөлмөрч чанар, найрамдлын үнэ цэнийг илэрхийлсэн Монгол Улсын бахархалт хот билээ.
Иймээс Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг түлхүү онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна.
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр нь зөвхөн Эрдэнэт хотын иргэдийн баяр бус, Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг харуулсан үндэсний хэмжээний онцгой үйл явдал гэдгээрээ ач холбогдолтой. Тиймээс баяр наадмын үйл ажиллагаанд Монголын түүх, хөгжил дэвшлийн агуулгыг мөн тусган зохион байгуулна" гэлээ.
Орхон аймгийн түүхт 50 жилийн ойн баяр наадам 2026 оны долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдож, Монгол Улсын Засгийн газраас эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаад байна.
Сэтгэгдэл үлдээх



Сэтгэгдэл